ПАП XIV ЛЕО: "ТЭНГЭРБУРХАН РУУ АЛХАЖ, НЭГ НЭГНЭЭ ХАЙРЛАЦГААЯ"
Пап XIV Лео Петрийн залгамжлалаа албан ёсоор эхлүүлэх талархал магтаалын мөргөлөө Гэгээн Петрийн талбайд тэмдэглэж, сүмийг Тэнгэрбурханы хайрын замаар хамтдаа алхаж, нэг гэр бүлд нэгдмэл байхыг уриалав.
200,000 гаруй эргэл мөргөлчид, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн удирдагчид, Христ итгэлийн олон уламжлалын төлөөлөгчдийн хамт Пап XIV Лео 5 дугаар сарын 18-ны ням гарагт Гэгээн Петрийн талбайд талархал магтаалын мөргөлөө тэмдэглэж Петрийн залгамжлалаа баяр хөөртэйгөөр албан ёсоор эхлүүллээ.
Хурсан олны дунд Иудей, Ислам, Хиндү, Буддын, Сикх, Зораострын, Жайнизм зэрэг бусад шашны төлөөлөгчид ч мөн энэхүү ёслолд хүрэлцэн иржээ.
ТАЛАРХЛААР БЯЛХСАН ЗҮРХ СЭТГЭЛ
Пап өөрийн шашны хариуцлагатны үйлчлэлээ эхлүүлэхдээ түүний төлөө залбирч, баяр хөөртэйгөөр дэмжлэг үзүүлсэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, өнгөрсөн хэдэн долоо хоногийн турш сэтгэл хөдлөлөөр дүүрэн байсан талаараа хуваалцав.
"Пап Францисыг таалал төгссөний дараа бид хоньчингүй хонин сүрэг мэт санагдсан" гэж тэр дурсаад хэдий тийм боловч "Амилалтын их баярын ням гарагт түүний сүүлчийн адислалыг хүлээн авсан нь итгэл, найдвар, баяр баясгалангийн ойлголтоор Эзэн Өөрийн ард түмнийг хэзээ ч орхидоггүйг бидэнд сануулсан." хэмээн өгүүллээ.
Түүнчлэн өнөөгийн сорилтуудыг даван туулах чадвартай, Сайн мэдээ түгээн дэлгэрүүлэлтийг үргэлжлүүлэх хоньчныг хайж, Петрийн залгамжлагчийг сонгохоор зөвлөлдсөн Кардиналуудын коллеж, тэдний төлөө залбиралд нэгдсэн бүх хүнд талархал илэрхийллээ.
Тэрээр “Бидний сэтгэлийн чавхдасыг нэг аялгуу болгон дуугаргахын тулд хөгжмийн зэмсэг мэт эе зохицолтой болгож чадсан Ариун Сүнсний үйлсийг мөн мэдэрсэн” хэмээв.
ХАЙР БА ЭВ НЭГДЭЛ
"Би өөрийнхөө гавьяа зүтгэлээр сонгогдоогүй бөгөөд одоо ч айн сүрдэж байна" гэж Пап XIV Лео өгүүлээд, "Би бид бүгдийг нэг гэр бүлд нэгтгэхийг хүсэж буй Тэнгэрбурханы хайрын замаар хамт алхаж, та бүхний итгэл, баяр хөөрт үйлчлэх зардас байхыг хүссэн ахын хувиар ирлээ." хэмээв.
Пап XIV Лео хайр ба эв нэгдэл бол Есүсийн Петрт даатгасан үйлчлэлийн хоёр тал болохыг мөн дурсав.
Энэ ням гаргийн сайн мэдээний айлдалд Есүс шавь нартаа түүний үйлчлэлийг үргэлжлүүлж, “хүмүүсийн загасчид” болж “сайн мэдээний найдвар”-ыг бүх хүмүүст хүргэхийн даалгасан, ингэснээр “бүгд Тэнгэрбурханы тэврэлтийг мэдрэх болно” гэж айлджээ.
"Тэнгэрбурханы хязгааргүй бөгөөд болзолгүй хайр"-ын мэдэрсэн Петрийн туршлага нь түүнийг энэ үйлчлэлийг хүлээн авахад хүргэсэн хэмээн Пап тайлбарлав.
ӨӨРИЙГӨӨ ЗОРИУЛАХ ХАЙР
Пап Лео "илүү их хайрлах", "хонин сүргийнхээ төлөө амиа өгөх", "өөрийгөө зориулах хайр" хэрхэн Петрт даатгагдсаныг дурсав.
"Ромын шашин буяны үйлсийг тэргүүлдэг бөгөөд түүний жинхэнэ эрх мэдэл нь Христийн энэрэл хайр байдаг учраас Петрийн үйлчлэл нь энэхүү өөрийн амь биеэ үл хайрлах хайраар тодорхойлогддог. Энэ нь бусдыг хүчээр, шашны суртал ухуулга эсвэл эрх сүрээр далайлган булаан авах тухай биш. Харин үргэлж Есүсийн адил бусдыг хайрлах хайраар ирдэг."
СҮМ, ЭВ НАЙРАМДАЛ, НЭГДЛИЙН ТЭМДЭГ
Гэгээн Эцэг "Эв найрамдал, нэгдлийн тэмдэг болох нэгдмэл ертөнцийг бий болгоход хувь нэмрээ оруулдаг нэгдмэл сүм" болох найдвараа илэрхийлэв.
Үзэн ядалт, хүчирхийлэл, өрөөсгөл үзэл, айдас, "дэлхийн нөөц баялгийг цөлмөж, үгээгүй ядуу хүмүүсийг гадуурхах" эдийн засгийн бодит нөхцөл байдлаас үүдэлтэй асар их зөрчилдөөнд автсан дэлхий ертөнцийн өмнө "бид дэлхий даяар эв найрамдал, нэгдэл, ахан дүүсийн харилцааг сэргээх хүч болохыг хүсэж байна" гэж айлдлаа.
"Бид даруу бөгөөд баяр хөөртэйгөөр дэлхий дахинд: Христ рүү ханд! Түүнд ойрт! Түүний гэгээрүүлж, тайвшруулах үгсийг хүлээн ав! Түүний хайрыг хүлээн авч, "Нэг Христ доторх нэг" гэр бүлийн гишүүн нь бол гэж хэлэхийг хүсэж байна. "Энэ бол энх тайван ноёлдог шинэ дэлхий ертөнцийг байгуулахын тулд бидний төдийгүй Христ итгэлд суурилсан бусад сүм чуулганууд, бусад шашны итгэгчид, Тэнгэрбурханыг эрэлхийлэгчид, сайн санаат бүх эмэгтэй, эрэгтэй хүмүүстэй хамт алхах зам юм!"
Пап Тэнгэрбурханы хайрыг түгээн дэлгэрүүлэх ийм арга барил нь сүмийг жижиг бүлгүүдийн дотор хязгаарлах эсвэл бусдаас давуу байх мэдрэмжээс хамгаалах болно хэмээн нэмж хэлэв.
"Бид хүн бүрд Тэнгэрбурханы хайрыг санал болгохоор дуудагдсан, гэхдээ нэгдмэл байдалд хүрэхийн тулд ялгаатай байдал, хүн нэг бүрийн туулсан хувийн амьдрал, олон янзын ард түмний нийгэм, шашны соёлоос татгалзах бус харин хүндэтгэх хэрэгтэй" гэж өгүүлэв.
"Ах дүү нар минь, энэ бол хайрын цаг юм! Сайн мэдээний айлдлын гол цөм бол биднийг ахан дүүс болгодог Тэнгэрбурханы хайр."
Номлолынхоо төгсгөлд Пап XIV Лео бүх Христэд итгэгчдийг Ариун Сүнснээс ирэх гэгээрэлд урин дуудаж ингэснээр бид “Тэнгэрбурханы хайранд үндэслэсэн, эв нэгдлийн тэмдэг, бүх дэлхийд нээлттэй, үгийг тунхагласан, түүхийн сорилтыг "сөрж", хүн төрөлхтний эе зохицолд уриалан дуудагч идэвхтэй сүмийг байгуулж чадна" хэмээв.
"Нэг ард түмэн, ахан дүүс шиг хамтдаа Тэнгэрбурханы зүг алхаж, нэг нэгнээ хайрлацгаая."